loader

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН, ХУРАНДАА Б.ЦЭВЭЭНДАШ 373 КИЛОМЕТР ЗАМЫГ ТУУЛЛАА

Монгол Улсын Гавьяат тамирчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, хурандаа Б.Цэвээндаш "Ice Nomad Marafon" хэт холын зайн өвлийн гүйлтээрээ Улаанбаатараас Монгол Улсын хойд хилийн 652 дугаар багана хүртэл 373 километр замыг 8 өдөр 9 шөнө амжилттай туулан, зорьсон газартаа хүрлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн түүхт 50 жилийг ойг угтсан энэхүү гүйлтээр хурандаа Б.Цэвээндаш залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж, спортоор хичээллэх, байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан. Мөн Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулахыг зорьсон гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнийг Монгол Улсын хойд хилийн 652 дугаар баганад хүрэхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газар, Сэлэнгэ аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хилийн 0101 дүгээр анги, Хилийн 0243 дугаар анги, аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын удирдлагууд угтан авч, хүндэтгэл үзүүлэв.
Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд