loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА “БАЙЛДААНЫ ТУГ”-АА ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл болсон “Байлдааны туг”-аа хүндэтгэн хүлээн авлаа.
Туг гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, алба хаагчид, ахмад ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тэртээ 1921 онд Ардын хувьсгалтай зэрэгцэн байгуулагдсан төрийн цэргийн ууган байгууллагын нэг бөгөөд үүсэл хөгжлийнхөө түүхэн явцад цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж, цэргийн алба хаагчдын хүчээр хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн түүхтэй.
Өнөөдрийг хүртэлх түүхийн бүхий л хугацаанд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулан хүний эрх, хууль ёсыг дээдлэн, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсээр ирсэн билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хичээл зүтгэлээр тогтсон алдар гавьяаг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар 17-ны өдрийн чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төрийн цэргийн байгуулалд багтаж, байгууллагын статус, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн эрх зүйн байдал зэрэг нь бусад төрийн цэргийн байгууллагатай нэгэн адил болж, Монгол Улсын хэмжээнд цэргийн албаны чиглэлээр батлагдан гарсан хууль, дүрэм, журмыг мөрдөх үндсэн нөхцөл бүрдсэн юм.
Сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлэгдэл болсон “Байлдааны туг”-аа хүндэтгэн хүлээн авсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд