loader

ШШГБ-ын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурал боллоо


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн хурлыг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн үйл ажиллагааг нээж, байгууллагынхаа 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн талаар илтгэл тавьлаа.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2019 оныг “Сахилга хариуцлага, ёс зүй, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх жил” болгон зарласан.

            Энэхүү зорилтыг ханган биелүүлэхийн төлөө ШШГЕГ болон төв, орон нутгийн хорих анги, байгууллагын нийт бие бүрэлдэхүүн оюун ухаан, сэтгэл зүтгэлээ дайчлан идэвх санаачлагатай ажиллаж, дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлснийг онцлон дурдаад 2020 ондоо гаргасан амжилтаа бататган ажиллахыг алба хаагчиддаа уриаллаа.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал, ял эдлүүлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг арилгахаар хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулан батлууллаа.

            - Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн “Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулж, алба хаагчдынхаа эрх зүйн байдлыг дээшлүүлэх арга хэмжээ авсан.

            - Улсын хэмжээнд Шийдвэр гүйцэтгэгчдийн гуравдугаар нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн 3 бүлэг, 18 заалт бүхий “Зөвлөмж” гаргасан. Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгдсэн тоо бүртгэл хөтлөх ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, сар, улирал, жилийн мэдээ, судалгааг “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем”-ээс цахим хэлбэрээр боловсруулах ажлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

            - Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг ил тод, нээлттэй мэдээллээр хангах зорилгоор цахим хаяг нээн төлбөр төлөлт, авалтын талаарх мэдээллийг хүлээн авах програм хангамжийн хөгжүүлэлт хийн, гар утсанд зориулсан “ШГА талууд” аппликейшн боловсруулан хэрэглээндээ нэвтрүүлээд байна.

            - Ази, Номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа 2019 оны 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бага хуралд 25 гишүүн орон, хоёр олон улсын байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцож, бүс нутгийн хэмжээнд хорих анги, байгууллагын үйл ажиллагааны онцлог, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, эдийн засгийн зарим нийтлэг хүндрэл, тулгамдаж буй сорилт, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал, бодлоо солилцлоо. Зочид төлөөлөгчдийн зүгээс хурлын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

            - Улсын хэмжээнд зохион байгуулсан “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 96,6 хувь буюу “А” үнэлгээтэй дүгнэгдсэн.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл хөгжил, ололт амжилт, ахмад үеийнхний бүтээн байгуулалт, мэргэжлийн үйл ажиллагааны онцлогийг биет болон бусад хэлбэрээр бүрдүүлэх, алба хаагчдын албаны итгэл үнэмшил, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх болон байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор анги, байгууллага бүрт Түүхийн танхим байгуулах ажлыг зохион байгуулсан.

            - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн баталгааг хангах зорилгоор “Эмэгтэйчүүдийн зөвлөл” байгуулж, ШШГЕГ болон хотын бүсийн хорих анги, байгууллагуудын 100 гаруй эмэгтэй албан хаагчдын төлөөллийг оролцуулсан анхдугаар зөвлөгөөнөө амжилттай зохион байгууллаа.

            - Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Ардын дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай харилцан ойлголцлын санамж бичиг;

            - Москва хотноо Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Шийдвэр Гүйцэтгэлийн Холбооны Алба хооронд  2019-2020 онд хамтран ажиллах хөтөлбөр;

            - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хорих байгууллагыг удирдах газартай хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулсан.

            - “Рио-2016” Паралимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Содномпилжээ өнгөрсөн долдугаар сард Казахстан улсын Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 247 кг-ыг өргөж хүч чадлаа үзүүллээ. Энэ амжилтыг нь “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгээд байна.

            Бүтээн байгуулалтын ажлууд тасралтгүй явагдсаар байна

            - Нийслэлийн Багануур дүүрэг, Налайх дүүрэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сумд дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн үйл ажиллагааг өргөтгөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг шинээр байгууллаа.

            - Мөн алба хаагчдыг орон сууцаар хангах, нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор 439 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагчдын 12 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан.

            - Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан 158 айлын 16 давхар 1 блок орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан контор, цагдан хорих байр, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид үйлдвэрийн байр бүхий хаалттай дэглэмийн хоригдлын хорих байрны барилгыг ашиглалтад оруулахаар бэлэн болгоод байна. Мөн бусад чиглэлээр дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд