loader

ШШГЕГ-ЫН ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ЗАГДЖАВ ОРОН НУТГИЙН ЗАРИМ АНГИ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЛАА

 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав 2022 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажил болон алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй амьдралтай танилцаж, тулгамдаж байгаа зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тухайлбал, орон нутгийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн алба хаагчид алслагдсан сум багт ажил үүргээ гүйцэтгэхэд автомашины хүрэлцээ дутмаг мөн тухайн автомашинуудын туулах чадвар муу байдгаас шалтгаалан хорих ял эдлүүлэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл үүсдэг байдлыг харгалзан Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид туулах чадвар сайтай автомашин олгосноос гадна тус ангийн хэрмэн хашааг бүрэн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Загджав Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих ажлыг салбарын хэмжээнд өрнүүлж, 100 сая мод тарих урт хугацааны стратеги хөтөлбөр батлан системийн хэмжээнд хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхийлэн ажиллаж байгаа талаар болон 2021 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж буй Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, түүний ач холбогдол болон нийгэмд үзүүлж буй эерэг үр нөлөө, ШШГБ-ыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, алба хаагчдын нийгмийн баталгаа, эрх зүйн байдал бусад төрийн цэргийн байгууллагатай нэгэн адил байхаар хуульчлагдсан талаарх мэдээллийг өгснөөс гадна алба хаагчдын санал хүсэлтийг сонссон юм.
Алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 1 алба хаагч, Ховд аймаг дахь ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2 алба хаагчид тус бүр 10 сая төгрөгийн батламж гардуулж, ажиллах ая тухтай орчинг бүрдүүлэх хүрээнд уг анги, газарт тус бүр иж бүрэн 5 суурин комьпютер өглөө.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан, зарим алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа.
Удирдлагын түвшинд анги, байгууллагын үйл ажиллагаа, ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байгаа нь алба хаагчдын идэвх санаачлагатай, итгэл үнэмшилтэй ажиллах урам зоригийг бадраасан үйл явдал болсныг алба хаагчдын зүгээс хэлж байлаа.





Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд