loader

С.Бямбарагчаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд үндэслэлгүй гомдол гаргах тохиолдол их байна


С.Бямбарагчаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор шүүхэд үндэслэлгүй гомдол гаргах тохиолдол их байна

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч С.Бямбарагчаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

            Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит биелэлт өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийт 29 мянга орчим гүйцэтгэх баримт бичгийн 1.9 их наяд төгрөгийг биелүүлэхээс долоон мянга гаруй гүйцэтгэх баримт бичгийн 134.6 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 21 мянга гаруй гүйцэтгэх баримт бичгийн 1.7 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гүйцэтгэх баримт бичгийн улсын дундаж биелэлт 27.0 хувьтай, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хаасан гүйцэтгэх баримт бичгийн тоо 920 орчим гүйцэтгэх хуудсаар буюу 3.0 хувиар, мөнгөн дүн 2.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

            Шүүгчийн захирамжаар түдгэлзсэн хэдэн гүйцэтгэх баримт байгаа вэ? Мөн түдгэлзүүлэх шалтгааныг нь дурьдаач?

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар шүүгчийн захирамжаар болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлдэг. Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 80.9 тэрбум төгрөгийн 594 гүйцэтгэх баримт бичгийг хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн. Үүнээс 129 гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч болон гуравдагч этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гаргасан гомдол нэхэмжлэлийн дагуу шүүгчийн захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг.

Шүүхээс хэдэн хувийг нь шийдвэр гүйцэтгэгчээс болон шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаа, хэдэн хувийг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудын бурууг харгалзан түдгэлзүүлдэг юм бол?

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргах эрхийг төлбөр төлөгч, төлбөр авагчид, мөн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг гуравдагч этгээдээс шүүхэд гаргахаар хуульчилсан байдаг. Шүүхэд гаргаж байгаа маргаан, гомдлыг авч үзэхэд 80 гаруй хувь нь төлбөр төлөгчөөс гаргасан гомдол эзэлдэг.

Төлбөр төлөгчдийн хувьд өөрт хамааралтай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, хөрөнгө борлуулах ажиллагааг зогсоох, цаг хугацаа авах зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргах, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхээс түдгэлзүүлэх нөхцөлийг үүсгэдэг. Шүүхээс гомдол, нэхэмжлэлийг хянахад зөвхөн анхан шатны шүүхэд 60 хоног байхаар хуульд заасан, анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол давж заалдах, хяналтын шатны шүүх гээд гомдол, нэхэмжлэл үргэлжлэхэд багагүй урт хугацаа зарцуулах, төлбөр төлөгчдөд тэр хугацаагаар шүүхийн шийдвэрээс зайлсхийх боломжийг бий болгодог. Дуудлага худалдаа болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл дийлэнх хэсгийг эзэлдэг бөгөөд ихэнх тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргадаг болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор шүүхэд гаргасан гомдол, нэхэмжлэл хэрхэн шийдвэрлэгдсэн тоон үзүүлэлтээс тодорхой харагддаг.Тухайлбал 2020 оны 01 дүгээр улирлын байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 82.6 хувьд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг шүүх буцаах буюу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс харж болно.   

Тухайлбал 2020 оны 01 дүгээр улирлын байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхээр хянан шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 82.6 хувьд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар гаргасан төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг шүүх буцаах буюу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.   

            Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлтэд нөлөөлдөг үү?

            Дээр дурдсан тоо баримтуудад дүгнэлт хийхэд төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах, түдгэлзүүлж, цаг хожих зорилгоор шүүхэд үндэслэлгүйгээр гомдол, нэхэмжлэл гаргадаг . Төлбөр  төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үе шат бүрт үндэслэлгүйгээр гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа олон сар жилээр удаашрах, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх нөхцөл бүрдэж байна гэж хэлж болно.

            Шүүхийн шатанд маргаан хянан шийдвэрлэх явцад үрэгдсэн хөрөнгөнөөс шалтгаалж төлбөр биелэх боломжгүй болсноос шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гацдаг. Эрүүгийн болон зөрчлийн хуулинд орсон өөрчлөлт шийдвэр, гүйцэтгэх ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна? Үүнийг өөрчилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бодитойгоор нөлөөлөх боломжтой юу?

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой дарааллаар, тодорхой хугацаанд явагддаг. Анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэх хугацаанд ИХШХШТХуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шатанд хөрөнгөө нуун дарагдуулах, үрэгдүүлэх тохиолдол байдаг. Уг зүйл заалтад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах  шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, шүүгч захирамж гаргахаар заасан байдаг боловч нэхэмжлэгчдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү эрхээ хэрэгжүүлдэггүйгээс шүүх дээр хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байх явцад хариуцагч хөрөнгөө бусдад шилжүүлэх, үрэгдүүлэх, нуун дарагдуулах, бусдад зээлийн үүрэгт барьцаалах тохиолдол байдаг.

Мөн ИХШХШТХуулийн 185.1.1-д заасны дагуу төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гарган, гүйцэтгэх хуудас бичүүлж, ирүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсдэг хуулийн зохицуулалттайг мэддэггүйгээс хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдаж, төлбөр төлөгчид хөрөнгөө үрэгдүүлэх, нуун дарагдуулах боломж олгодог тохиолдол бий. Энэ нь эргээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

Эрүүгийн хуулийн 21.7-д зөвхөн битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх шатанд, мөн шүүхийн шийдвэр гарснаас хойш эд хөрөнгөө үрэгдүүлсэн, нуун дарагдуулсан төлбөр төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болгосон. Хуулийн энэ зохицуулалтыг эргэж харах шаардлага үүсээд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр 92 төлбөр төлөгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсанаас 11 төлбөр төлөгчид эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байна.

 

Мөн Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 171 этгээдэд холбогдох зөрчлийн тухай гомдол мэдээллийг шалгаж, 143 этгээдэд зөрчлийн хэрэг үүсгэн, хуульд заасны дагуу шийтгэл оногдуулснаас 70 хувь нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагыг биелүүлсэн.

 

Шийдвэр гүйцэтгэгч нарын хөдөлгөөн хэр байдаг вэ? Шалтгаан нөхцөл, үүнийг хэрхэн сайжруулна гэж та харж байна?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр батлагдан, хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд буюу 2017 онд хоёр, 2018 онд 26, 2019 онд 10, 2020 он гарсаар хоёр шийдвэр гүйцэтгэгч, улсын хэмжээнд нийт 40 шийдвэр гүйцэтгэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. 2017, 2018 онд тус бүр нэг ахлах шийдвэр гүйцэтгэгч ажлаас чөлөөлөгдсөн тоон үзүүлэлт бий. Мөн дээрх хугацаанд таван шийдвэр гүйцэтгэгч, нэг ахлах шийдвэр гүйцэтгэгч ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажлаас халагдсан.

Шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалын системгүй болсон, шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргаан өссөнтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын ачаалал сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдсэн. Нөгөө талаар 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль батлагдаж, 2002 онд хуулиар шийдвэр гүйцэтгэгчид гүйцэтгэсэн ажлыг дүнгээр урамшууллын мөнгө авч байсан эрх зүйн зохицуулалтын үйлчлэл дуусгавар болсны улмаас  шийдвэр гүйцэтгэгчид өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх асуудлууд ихээр гарсан. Шийдвэр гүйцэтгэгчдийн ажлын ачааллыг бууруулах, эрх зүйн байдлыг нь дээшлүүлэх чиглэлээр 2018 онд 26 тойргийг шинээр бий болгож, нийт шийдвэр гүйцэтгэгчид цэргийн цол олгох зэрэг тодорхой арга хэмжээг хэрэгжснээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах асуудлууд багассан. Тухайлбал урамшуулалгүй болсон үе буюу 2018-2019 онд 36 шийдвэр гүйцэтгэгч өөрийн хүсэлтээр гарсан бол 2020 гарсаар 2 алба хаагч хүсэлтээр чөлөөлөгдсөн.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, хөдөлмөр нийгэм хамгааллын сайд, сангийн сайд нарын 2017 оны А/217, А/167, А/303 дугаар хамтарсан тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын ачааллын жишиг норматив”-ыг шинэчлэн тогтоосон. Үүний дараа жишиг нормативт нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/86 дугаар тушаалаар  улсын хэмжээнд шийдвэр гүйцэтгэлийн 26 тойрог шинээр байгуулж, мөн ШШГЕГазрын даргын 2018 оны б/38 дугаар тушаалаар шийдвэр гүйцэтгэгч нарт цэргийн цол олгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр дээрх хандлага багассан. Цаашид шийдвэр гүйцэтгэгч нарын ажлын байрны аюулгүй байдал, нийгмийн баталгааг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.       

Олон улсын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хөгжлийн чиг хандлага ямар байна, ямар зохион байгуулалттайгаар явагддаг вэ?

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх эрх бүхий байгууллагын тогтолцоо нь дэлхийн улс орнуудын хувьд төрийн, хувийн, холимог гэсэн үндсэн гурван хэлбэртэйгээр чиг үүргээ хэрэгжүүлдэг. ОХУ, БНХАУ, АНУ-ын зарим мужууд, Камбодж, Тайланд, Чад, Гвиней, Куба зэрэг улсуудад төрийн байгууллагын тогтолцоотой.Европын Холбооны улс, Молдав, Чех, Герман, Япон, Итали, Эстони, БНСУ зэрэг улсад хувийн хэвшил бүхий тогтолцоотой, Израиль, Финлянд, Серби, Африкийн зарим улсад холимог тогтолцоотой хэрэгжиж байна.

Шийдвэр гүйцэтгэгчид хаягаар явж ажиллагаа хийхэд ямар хүндрэл бэрхшээлтэй тулгардаг вэ?

   Иргэний хаягийн бүртгэл, гудамж талбайн хаягжилт муу, хороо дүүрэг зэрэг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжүүд дээр орон нутаг, дүүрэг хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөн бүрэн хийгддэггүй, хуулийн этгээдийн хаягийн нэгдсэн бүртгэл байдаггүй. Ялангуяа иргэн, хуулийн этгээдээс хувь нийлүүлж хуулийн этгээд үүсгэн байгуулж, их хэмжээний төлбөр үүсгэсэн ч тухайн төлбөр төлөх үүрэг бүхий хуулийн этгээдэд хөрөнгө байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй, татвар, нийгмийн даатгал өртэй байх, улсын бүртгэлд хуулийн этгээд бүртгэгдснээс өөр төлбөрт албадан гаргуулах хөрөнгө, орлого тогтоогдоогүйшийдвэр гүйцэтгэгчийн шаардсан иргэн хуулийн этгээдийн хаягийн тухай мэдээлэл өгөхөд хойрго ханддаг зэргээс төлбөр төлөгчийн хаягаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг. Нөгөөтэйгүүр төлбөр төлөгч оршин суугаа хаягаа байнга өөрчлөх, шийдвэр гүйцэтгэгчийг очиход орон байранд нэвтрэхэд саад болох, дайрч доромжлох, биед нь халдах зэрэг тохиолдол байдаг.

Шийдвэр гүйцэтгэгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын харилцаа хандлага хэр байдаг юм бол?

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор удаа дараа гомдол гаргах, эд хөрөнгөө нуун дарагдуулах, хаягаа өөрчлөх, шийдвэр гүйцэтгэгчийг эсэргүүцэх, тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад болж, хүндрэл учруулахаас гадна шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх, хууль хяналтын байгууллага болон хэвлэл мэдээлэлд худал мэдээлэл өгөх, олон нийтийн сүлжээгээр үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тарааж албаны нэр хүндэд халдах зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах оролдлого нэмэгдэх хандлагатай байна. Шийдвэр гүйцэтгэгч ажлын ачааллаас шалтгаалан дээрх үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахгүй орхигдуулах тохиолдол их байдаг. Төлбөр авагч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй ажиллагааг гүйцэтгэхийг шахаж шаардах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа удааширснаас шалтгаалж шийдвэр гүйцэтгэгчтэй зүй бус харьцах, төлбөр төлөгчтэй холбоотой мэтээр хардаж, сэрдэх болон нэр хүндэд нь халдах зэрэг тохиолдлууд гарсаар байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувьд төлбөр төлөгч, бусад этгээдийн хөрөнгийн эрхэд халддаг учраас шийдвэр гүйцэтгэгч нар байнгын эсэргүүцэл, тэмцэл, саад учруулсан нөхцөл байдалд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлага үүсдэг. Мөн гүйцэтгэсэн ажил үүрэгтэй нь холбогдуулан үндэслэлгүй худал, гүтгэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагад гаргах, уг асуудалтай холбогдуулан тайлбар, мэдүүлэг, өгөх шалгуулах зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэгчдэд багагүй ачаалал үүсгэдэг.Ер нь цаашид шийдвэр гүйцэтгэгчдийг сургаж дадлагажуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдтэй харьцах харьцааг анхаарах, албаны болон сэтгэлзүйн бэлтгэлийг өндөржүүлж, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх шаардлага гарч байна.

            2020 оны 1-р улиралд албадан дуудлага худалдаагаар өндөр үнийн дүнтэй худалдан борлуулагдсан хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгнө үү.

Иргэний хууль болон ШШГТХуульд заасан үндэслэл журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг сар бүр зохион байгуулдаг. 2020 оны 1 дүгээр улиралд нийт 94.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 232 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар нийтэд зарласан. Үүнээс 40 үл хөдлөх хөрөнгийг 3.1 тэрбум төгрөгөөр худалдан борлуулснаас  100.0 сая төгрөгөөс дээш үнээр дуудлага худалдааны доод үнийг тогтоон нийтэд зарлагдсан зургаан үл хөдлөх хөрөнгийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан борлуулж, гүйцэтгэх баримт бичигт заасан мөнгөн төлбөрийн шаардлагыг хангуулсан. Цаашид хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны явцад тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлд дүн шинжилгээ хийж, ажиллагааг үр дүнтэй, шуурхай явуулах эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болгох  шаардлагатай байна.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд